Хууль бус ажилчин зөгий (Part 1)

Бодит үнэн байдалыг чадан ядан сийрүүлэхийг хичээлээ.

Сарын цалин нэг сая таван зуун мянган вон энэ мөнгөө Монгол мөнгөрүү шилжүүлээд бодохнээ яаж ч хэцүү ажиллаж ,ядарч ,сэтгэл санаа ,эрүүл мэндээрээ хохирч байсан ч сарын эцэст авах цалингаа бодох мөчид ухарч алхаж байсан хөл нэг мэдэхэд л урагшаа алхдаг юм билээ. Миний ажилд орсон буудал 70 өрөөтэй өдрийн ээлжинд 7 Монгол эмэгтэй ажиллана. Би ч хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ хэд хоногоос нилээн гайгүй яриа хөөрөөтэй болоод энэ бүгдийг мэдсэн юм. 7 эмэгтэйн 5 эмэгтэй нь нөхрөөсөө салсан ганц бие ээж мөн тэдний нэг нь би.

Хамгийн багадаа нэг хамгийн ихдээ дөрвөн хүүхдийн ээж .Би ч очоод удаагүй их л гайхаж байсан юм.Солонгос улсад за тэгээд нэг албан байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн 5 нь ганц бие ээж гэж бодохоор зүрх өвдөх шиг.Хамгийн өрөвдөлтэй нь гэвэл тэр бяцхан зүрх аав нь хажууд нь байхгүй тэр болгон очоод уулзахгүй ,харин ээж нь хүний нутагт өвдөж үл болох , хэзээ гэртээ харьж үрээ үнэрлэхээ мэдэхгүй өдөр хоногийг мөнгөний төлөө өнгөрөөнө.

Хайртай хэн нэгэн нь бурханы оронд залран одоход очиж чадахгүй харь орноос яахаа мэдэхгүй шатан дээр уйлж суух нэгэн. Өөрөө өөрөөсөө харамлан байж бүхий л цалингаа явуулаад охинтойгоо ярьж байгаа эгч миний охин мөнгөө гамтай хэрэглээрэй. Охин нь үнэндээ ээжийгээ яаж ажиллаж амьдарч байгааг мэдэхгүй ээжээсээ янз бүрийн юм нэхэж тэр ч таалагдахгүй байна.Одоо тийм цүнх авна гээдл . Тэр охинд бүгдийг нь тайлбарлаж өгөөд ээжийгээ дэмжиж урмын үг хайрлаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж билээ. Зорьсон зорилго авсан байрныхаа зээлнээс болж эх оронруугаа буцаж чадахгүй маш хэцүү цаг мөчийг өнгөрүүлж байгааг нь хөндлөнгөөс харах надад гол зурдаг байхад тэр хүнд ямар байсан нь ойлгомжтой байх.

Сар бүр цалингаа аваад хачин их баярлана.Монголд ийм ажил хийгээд нийгмийн даатгал татвараа төлөөд гар дээрээ 500к харин энд 3сая төгрөг гэж бодохуйд ажилаа хаяаад явмаар байсанч үргэлжлүүлээд хийдэг л юм гэж хэлсэн үг нь санаанаас гарж өгдөггүй юм.Чиний ямар сургуульд сурдаг ямар боловсролтой ямар их дээд сургууль төгссөн чинь тэр газар ямар ч хамаагүй.Чи хэр хурдан хөдөлж чаддаг хүмүүсийн зан аашийг олох мөн цэвэрлэгээ хэрхэн хийж чадах эсэх чинь л тэнд чамайг авранадаа.Авсан цалингаа өөртөө зарцуулах нэгэн байдаггүй л байсан юмдаг. Солонгос улсруу ирэх гэж зарлагдсан мөнгөө хэн нэгнээс зээлчихсэн эсвэл байрны зээл ,цалингын зээл хүүхдийн сургалтын төлбөр гээд л авсан хэдэн төгрөг нь талын нэг тийшээ тараадл явчихна. Өөртөө ганц даашинз байтугай ганц бургер авч идэхдээ Монгол мөнгөрүү шилжүүлж боддог . Харин шөнийн ээлжинд 4 Филиппин эмэгтэйчүүд ажилладаг байлаа. Би яахав нөгөө хэдтэйгээ ганц нэг үг солидог юм. Нэгэнтэй нь арай дотно тэр маань эх орондоо нилээн хэцүү амьдралтай амьдардаг байж. Зуучлалын компаниар солонгос хүнтэй гэрлэхээр болж гэрлэх хүнийх нь зургийг харуултал яг л кинон дээр гардаг цасан цагаан царайтай их л сайхан залуу байсан гэсэн.Манай хүн бүрдүүлэх ёстой бүхий л бичиг баримтаа жин тан болгоод Солонгос улсад очсон байна. Нөгөө мөрөөдлийн залуу нь биш бараг хэзээ мөдгүй үхэх гэж байгаа гэмээр өвөө зогсож байсан .

Мань хүн яахавдээ эх оронлуугаа буцаад нөгөө амьдралаараа амьдрахуу энэ хүнтэй хамт байхуу гээд л хэсэг бодож судалж үзсэний дараа тэр хүнийхээ хүүхдийг нь төрүүлж өгч тун удалгүй салаад зөвхөн визээ сунгуулах гэж л хааяа нэг очдог гэсэн юм. Энэ тухайгаа ярихдаа огтхон ч царайны хувиралгүй болох ёстой зүйл болдгоороо болсондоо гэсэн шиг л байсан юм.

Ажилд орох гээд очлоо захирал нь харчихаад ажил хийж чадах юмуу гээд их л дурамчхан байлаа. Яагаад гэхээр залуухан охидууд ажил хийхдээ тааруу ажилын ачаалал даадаггүй ажилаа хаяаад яваад өгдөг гээд л би ч ажилд орчих санаатай өөрийгөө нилээн л дээш нь шидлээ. За яахав 3 хоног ажилуулна хэрвээ чадахгүй бол цалин өгч чадахгүйшүү л гэдэг юм байна. Би ч зөндөө юм бодоод л хүнд 200мянган вон өгөөд ажилд ордог 3 хоноод баяя болчвол ч хэцүү ч юмаадаа гээдл .Монгол хүмүүс ажил олоод ажилаа зуучилж өгсөний хариуд хаалт гэж нэрлэн мөнгө авдаг.Хүн болгон бас авдаггүй гэж хэлмээр байна.Чемодан саваа өөрийнхөө байрлах өрөөнд оруулж тавиад шөнийн ээлжинд гарж үзлээ.

Буудлын цагын өрөө ар араасаа чөлөө зав өгөлгүй маш хурдан цэвэрлэхийг шаардана. Кинон дээрээ нэг нэгнийхээ гараас барих гэж мянган жил болоод байдаг хүмүүс чинь хачир дээрээ гээл бас бодоод амжлаа . Нэг өрөөг 2минутанд цэвэрлэдэг гэхээр нь би ч яаж тэгж болдог юм болоо гээд дагаад л жирийлээ.Манай шөнийн ээлжний 4 бол тэр өрөөнд үнэндээ л эргэлдэж байсан.Намайг ч эхний өрөөнд сайн хараад аваарай гээд л би ч гайхаад зогсож байх хооронд манай хэд дуусчихсан гарж байсан юмдаг. Нойлын өрөө цэвэрлэхийг зааж өгнөө сайн хараарай л гэв. Өрөөний хаа сайгүй байсан нүүр гарны ванны алчууруудаа бүгдийг нь цуглуулаад хоёр жижигийг нь шалруу шидээд л нэг нэг хөлөөрөө гишгиж хөлөө гүйлгээд бүр сурцтэй гэгч нь ванны том алчуурыг хоёр гартаа эвтэйхэрн барьчихсан бүх хана, угаалтуур үргэлжлүүлээд нойл бүх юмаа арчаад л нойлын өрөөг цэвэрхэн дусал ч усгүй болголоо.NO WATER NO HAIR NO PROBLEM OKEY! Би өмнө нь зочид буудалд хонохдоо боосон алчууруудыг шинэ л гэж боддог байсан гэнэн үе минь дээ. Ингэж явсаар миний 3 хоног ч дуусаж ажилдаа тэнцлээ.

.Ажиллаж явсаар хэсэг хугацаа өнгөрлөө. Цэвэрлэгээ гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хийдэг болов.Ерөөсөө л хэдэн төгрөг эндээ цуглуулаад Монголдоо очоод жижигхэн бизнес эхлүүлээд амьдарна гээд л шийдчихсэн. Өдөр хоног өнгөрсөөр аль хэдийн 6 сар өнгөрчээ. Бурханы өгч буй дохио гэх зүйлийг би огт анзаараагүй өнгөрждээ гэж одоо боддог вм . Юу вэ гэхээр хэн нэгэн хууль бусаар амьдарч байгаа нэгэнийг барьж өгөхийг Солонгос улсад ШИНГҮ гэж хэлдэг. Өдрийн ээлжинд гурван хүн нэг өрөөг цэвэрлэдэг.Би сошиалын ертөнцөөс хэсэг завсарлага авхаар шийдээд фб болон инстаграммаа хэрэглэлгүй нэг сар гаран болсон байсан юм.Анх Солонгос улсад очиход минь тусалж байсан найз минь надруу утас цохилоо.Хүүеээ миний найз зүгээрүү фбдээ байхгүй таг алга болчих юмаа . Зүгээрүү чамайг чинь баригдчихлаа л гэж бодлоо гэв би ч урдааснь юу гэждээ гээд л сошиал орчиноос завсарлага авмаар байсан тухайгаа тайлбарлаад л ойр зуурын хамаг юмаа ярьж гарлаа. Заза гээдл утасаа таслав хамт ажилладаг эгч маань гэнэт л миний утсанд ШИНГҮ гэнүү нэг мсж ирлээ гээдл нүд ам нь бүлтрэх шахам хүрээд ирэв. Манай нөгөө эгч маань харчихаад юу вэ шал буруу уншаад байнашүүдээ.Ямарч тийм зүйл алгаа гэээд л ажилаа үргэлжлүүлээд хийцгээв. Тэр өдөр манай захирал СӨҮЛ рүү ажилаар явсан байв. Үдийн хоолны цаг болж бид хэд ч хоолондоо орохоор доош буулаа.Би 7 хоногийн өмнө эмнэлэгт үзүүлээд шинжилгээ өгчихөөд хариугаа авч амжихгүй яваад байлаа.Харин тэр өдөр ачаалал ч бага хамт ажилладаг эгч маань өнөөдөр ажил бага байна.Чи гялс очоод шинжилгээнийхээ хариуг очоод аваад ирдээ.Би үүдэнд суудаг рэсэпшнд хэлчихлээ гэлээ.Би ч өглөө гарахдаа юм идээгүй жаахан өлсөөд гялс хоолоо идээд хувцасаа солихоор дээш өрөөрүүгээ явлаа.Би өрөөндөө нэг эгчтэй амьдардаг байсан юм.Голдоо нэг түлхүүртэй эгчээс түлхүүрийг нь аваад хувцасаа солиод хамгийн ихдээ 10минут болсон . ӨӨ түлхүүрийг нь үлдээхгүй бол гэж бодоод шууд гарах гэж байснаа буцаад ресторанлуу явлаа .

Ресепшний гадаа хар хувцастай хүмүүс цагаанаар иммиграшион гэсэн бичигтэй.Би ч нэг мэдсэн рестораны гадаа хаалган дээр ирчихсэн гэнэт сөхөө орлоо хоёр хүн надаас чи аль улсын хүн бэ гэлээ.Заза ойлгомжтой энэ л байждээ гээд дотроо олон зүйлийг бодоод гэнэт сэхээ оров .Намайг дагуулаад бусад хүмүүстэй хамтдаа суулгалаа. Хар мянган асуултаар урдаас булав.Солонгос улсад хэзээ орж ирсэн бэ.Овог нэрээ хэлнэ үү … тухайн үед миний бодож төлөвлөж байсан бүх зүйлс тэр үед зогсох шиг санагдсан. Би ингэж явахад хэтэрхий харамсалтай байна. Хэрвээ би түлхүүрийг өгөлгүй явсан бол гэсэн бодол толгойд ар араасаа хөвөрнө.Хамгийн аймшигтай санагдсан зүйл нь миний хайрлаж хүндэтгэж явсан хүмүүсийн хэлсэн үг нь чамайг ямар азтай юмбэ гэж үхтлээ атаархлаа.ОМГ Хэрвээ би тэр хүний оронд байсан бол бурхан минь явсан л байгаасай битгий орж ирээсэй гэж залбирах байсан.Биднийг цайндаа орсоны дараа шөнийн ээлжний охид орж ирж цайгаа уудаг юм.Бид бүгдийг байцаалтанд орж байх үед нэг Филиппин охин орж ирсэн юм. Тэр охиныг цагдаа нар шалгааж эхлэв.Азаар виз нь дуусаагүй байсан учир гайгүй өнгөрлөө . Гэтэл атаархуу хэн нэгэн үргэлж байдаг шиг манайхнаас нэг нь энэ эмэгтэй бидэнтэй хамт ажилладаг. Худлаа ярьж байна гэж дохио зангаа оруулан хэдэн солонгос үг хэлэн цагдаа нарт ойлгууллаа. зүгээрл явах мөрөөрөө өөрөө л явахгүй яах гээд хэн нэгнийг чирээд явдаг муухай бэртэгчин зантай юмбэдээ гэж бодсонч гаднаа хэлмээр байсанч амнаас ямар ч үг унах чадал байсангүй.

Бид бүгдийн нэрийг бичиж аваад гавлаад нэг эгнээнд оруулж дагуулаад явлаа. Ямар хувцас өмссөн байсан яг л тэр чигээр нь.Мөн бидний утасыг хурааж авав.Би ямар нэгэн арга байгаа гэж найдан утасаа өгөлгүй аваад үлдэв. Зочид буудлын ард урд хаалганы гадаа тус тус хоёр хар машин зогссон байв. Зугтая гээд ч газаргүй байсан юм билээ.Тэрхэн зуур бас зугтах талаар бодож амжсан байгаа юмдаа кк. Машинд суулгаад хаашаа ч юм хөдлөв. Гавтай гараараа утасаа гаргаж ирэн дууг нь хаагаад Захиралруугаа мсж бичлээ. Бид баригдчихлаа та бидэнд туслаач гэж бичихэд тун удалгүй хариу ирлээ. Цагдаа нарыг асуувал зөвхөн цагийн ажил хийсэн гэж хэлээрэй өөр зүйл хэлж болохгүй гэсэн байв. Захирал маань бидэнд үргэлж аав шиг санагддаг байсан тэр мсж ирэх хүртэл шүү. Та нар бүгдээрээ миний хүүхдүүд хэн нэгэн өвдвөл шуудл эмнэлэгрүү дагуулж яваад эм тариа гээдл бүх зүйлсийг нь зохицууулж өгөөд хичнээн ажил ихтэй байсанч амраадаг байсан юм. Татвараас оргон зайлсан хууль бус гадны иргэдийг ажиллуулсан гээд нэг хүний хэдэн зуун мянган воны торгуульд орохоор болчихсон хүн чинь яаж бид хэдэд аав шиг загнахвэдээ. Ерөөсөө итгэж өгөхгүй байлаа.

Буцаад ажилдаа очих юм шиг , бүх зүйл ингээд дуусч би буцахгүй юм шиг зүүдлэж буй мэт харж байгаа зүйлсдээ итгэхэд бэрх байлаа. Тухайн нөхцөл байдалдаа дасаж амжаагүй байтал машин зогсоод биднийг буу гэж зангав. Нэг эгнээнд орон даган явлаа. Бүх хувцасаа тайлаад биедээ байгаа үнэт эдлэл бүх зүйлээ тус тусийн сагсанд хийж нэрээ бичин үлдээлээ. Ногоон өнгийн биеийн тамирын хослол шиг ижил хувцаснуудыг бүгдэд нь тараах аж. Тэр хорих тасаг их хүйтэн оймс хүртэл өмсүүлэхгүй хөл нүцгэн тавчика өгдөг юм билээ. Яг энэ үед хамгийн багадаа 10мянган вонтой хорих газарлуу орох хэрэгтэй мөн шаардлагатай хүмүүсийнхээ дугаарыг цээжээр мэддэг байх хэрэгтэй.Чиний үлдсэн зүйлсийг янзалж өгөх мөн бичиг баримтыг чинь авчирч өгөх хүн хэрэгтэй . 10мянган воноор ярианы карта авдаг 30минут Солонгос дотор болон Монголруу код хийж ярьж болно. Бид бүгдийг нэг өрөөнд орууллаа жижиг зурагт утас мөн нойлын өрөө хүн бүрт гудас нөмрөх хөнжил алчуур сойз оо өгдөг . Өдөрт 3 удаа хоол өгнө. Оройн 10цагт бүх элетрон унтарна утас хүртэл бид бүгд өрөөндөө ороод нэг нэгэнтэйгээ юу гэж ярихаа мэдэхгүй хэсэг чимээгүй байцгаалаа. Тухайн үеийн нөхцөл байдлийг юу ч дээрдүүлэхгүй юм шиг санагдаж байсныг нуух юун.Бүгдээрээ сандралд орчихсон яахаа мэдэхгүй хэний ч утасны дугаарыг санахгүй байлаа. Харгалзагч нь гайгү хүн таарсан юмуу эсвэл ганц удаа утасаа гуйгаад утасны дугаар харуулдаг ч юм билүү. Таван минутын дотор өөрт хэрэгтэй дугаараа цаасан дээр бичиж авахаар боллоо . 7хүн нэг утсан дээрээ утасны жагсаалтаа барьчихсан жижиг дараалал үүслээ. Хамгийн түрүүнд захиралруугаа залгасан боловч хариу өгсөнгүй.

Бүгд хэрэгтэй хүмүүсрүүгээ ярьж хэл дуулгалаа. Мөнгөөр карт авж ярьдаг гэдэгийг хэнч мэдээгүй баригданач гэж санаагүй бид хэд голдоо ганцхан карттай үлдэв. Үлдсэн хэдэн минутыг хамгийн чухал гэсэн үр ашигтай зүйл ярих юмшүү. Хоёр өдрийн дараа өөр хотруу очиж хоригдоно гэж харгалзагч хэлэв. Энэ газраас гарах боломж байдаг харин өөр хорих газарлуу явахаасаа өмнө хэрвээ таны захирал сайн ярьж чадвал эсвэл мөнгө өгвөл тэндээс гарах боломжтой юм . Бидний утасыг авахгүй байгаа захирал минь юун бид хэдийгээ гаргах тухай бодох байтугай яаж арай багахан шиг торгуульд унахгүй байх вэ гэж л толгойгоо гашилгаж явсан байх. Оройн хоолний цаг болж сараалжин төмөрний доогуур байх жижиг зайгаар тагласан хоолнууд гулсуулж байна. Үнэхээр хоол идэх хүсэл байгаагүй бололтой хүмүүст би ч ямарч үед хоол иддэгээрээ хоолоо идэж л орхилоо. 10цаг болж бүх гэрэлүүд унтарч хонгилын цаана байх гэрэл сараалжин төмөр дундуур бүдэгрэн харагдах нь бидний ярьдагаар хонгилын үзүүрт гэрэл асна гэдэгчлэн боломж байгаа юм шиг санагдуулнам. Бүгд л нааш цаашаа харж унтах гэж тийчлэнэ. Сэтгэлээ онгойлгон уйлах тэр цаг нь ч юм шиг . Бүх зүйлд оноогдсон цаг хугацаа буй. Бидний байх цаг хугацаа энэ хүртэл л байсан бололтой харамсаад амьдрал дуусчихсан юм шиг гуниглахаа больмоор байсанч байгаа нөхцөл байдал идсэн хоол өмссөн хувцас хэвтэж байгаа ор бүх зүйлс новшийн санагдаж билээ.

Эмэгтэй хүмүүс бид чинь ямар тэвчээртэй хүчтэй байж чаддаг юмбэ. Хэдий бид адилхан нөхцөл байдалд орсон ч хүн бүрийн цаадах амьдрал нилээд асуудалтай байсан. 20Настай охин Мулти гэж нэрлэгддэг визийг 15сая төгрөгөөр хийлгүүлж ирээд 10ч хоноогүй байсан юм . Солонгос улсад Мулти визтэй хүнтэй гэрлээд Мулти пасспорт авсаны дараа буцаагаад гэрлэлтийг нь салгах байдлаар явагддаг энэ зүйлд 15сая төгрөг хүүтэй зээлсэн байгаа юм. Тийчлэн бодол болсоор нэг л мэдэхэд өглөө болжээ. Өглөөний хоол орж ирлээ бидний дунд нэг нь жирэмсэн байсан юм. Солонгос улсын хоолны соёл гэдэг маш гоё сайхан ч хоолтой . Харин хорих газарт тэр сайхан соёлыг гутаасан юм шиг л санагдсан. Олон тасалгаатай саванд голд нь будаа гурван ширхэг мах хэдэн өвс ногоонууд Монголчууд бид чинь махсаг ард түмэн махгүй хоол хоолойгоор давахгүй мөн жирэмсэн эгч маань өвс ногоог нь идэж чадахгүй яаж гуравхан ширхэг махыг будаатай холиод хоолойгоор давах вэдээ.

Бид хэд ч яахав нөгөө гурван махнаасаа нэг нэгийг нь нийлүүлж өгөөдл тэрүүхэн тэндээ хөөрхөн нэгнийгээ асраад л . Тэр жижигхээн зүйлээс хайр гэдэг зүйл харагдаж байлаа. Өглөөний хоолоо идэж дуусчихаад дэмий зурагт хараад сууцгааж байлаа.Хэн ч юм ярихыг хүсэхгүй юуг бодож бодол болон сууцгааж байгааг хараад мэдэхэд бэрх. Гэнэт харгалзагч гарч ирээд уулзалтын цаг бүгдээрээ нэг эгнээнд ороод зогсоорой гэв. Манай захирал болон манай менежер зогсож байлаа. Зүгээрл нүднээс нулимс зогсохгүй урсаж байлаа. Гүйж очоод тэврээд үхтэлээ уйлмаар санагдана.УУчлаарай мэдээж тэгж болохгүй .Шилэн хананы цаанаас утасаар хоорондоо ярих боломж байгаа юм.Бид 8тасралтгүй уйлаад байсан болохоор уулзалтын цагийг 10минутаар сунгаж өгсөн юм. Мөн бидний утасыг хэрэглүүлсэн харгалзагч бидэнд салфетка авчирч өгөв.Тэр хүнд бид үнэхээр хэцүү харагдсан нь лавтай. Захирал маань итгэгч хүнлдээ бурхан та бүгдтэй үргэлж хамт байгаа би та нарынхаа төлөө үргэлж залбирч байх болно.

Хүн тус бүрт зориулан эцсийн гэмээр үгсээ хэллээ. Амьдралд нэг таарсан хүнтэйгээ дахин уулзахгүй байх боломжтой . Тухайн үед дахин хэзээ ч уулзахгүй мэт санагдаж билээ.Яг л ONE TIME ONE MEETING гэдэг шиг .Бид амьдралдаа нэг хүнтэй уулзаад эсвэл таараад дахин үлдсэн амьдралдаа уулзахгүй таарахгүй байх бүрэн боломжтой. Миний аав бурхан болоод гурван жилийн нүүрийг үзэж буй. Миний хувьд бурханаас явуулсан аавын минь нэгэн хувилбар байсан юм шиг санагддаг байсан юм.Үнэн үг хатуу тойруулаад олон зүйл нуршихгүй гол зүйлээ шуудхан хэлдэг манай захиралын хувьд ямар ч арга байхгүй та бүгд нутаг буцахаас өөр аргагүй болсон.Хүн бүрийн цалинг харгалзагчид өгсөн байлаа мөн бидний эд зүйлсийг баглаж удахгүй авчирч өгнө гэлээ. Үнэн зүйлтэй нүүр тулахаас өөр хаачих билээ бид. Уулзалтын цаг дууслаа бид гэж усан нүдэн гүнж шиг л байлаа.Буцаад нэг эгнээнд орж өрөөрүүгээ харайлгалаа.

Миний айж байсан нэг зүйл гэвэл Солонгос улсын дансанд минь нилээн хэдэн төгрөг байсан юм.Түүнийгээ авч чадахгүй буцахвийдээ гэтэл хууль бусаар амьдарсан ч бай өөрийн ажил хийж олсон мөнгийг авж харих эрхтэй 20сая вон хүртэл мөнгөн тэмдэгтийг авж явахыг зөвшөөрдөг. Мөн солонгос мөнгөн тэмдэгтээр өгч явуулдаггүй бөгөөд доллар юань өөр улсын мөнгөн тэмдэгтээс аль нэгийг нь сонгон авж явахыг зөвшөөрдөг . Мөн дансанд байгаа мөнгийг чинь татаж өгнө. Маргааш гэдэг өдөр бид Ёосү гэдэг нэртэй газарлуу очихоор болсон байв. Тэр нь яг л жинхэнэ утгаараа шорон гэсэн үг гээдл манай хэд маань хүмүүсээс сонссон зүйлээ ам уралдан ярина.

Өглөөний 6цаг 30минут Тухайн хорих газарт байгаа бүх хүмүүсийг өрөөнөөс нь гаргаж нэг нэг эгнээнд оруулж жагсаалаа. Хонгилоор явсаар грашинд орж ирэхэд хот хоорондын автобус зогсож байх нь тэр .Хөл нүцгэн даарч байсан гэж жигтэйхэн ороод суутал сандалаас хайраад л ,хоёр хоёроор нь гавласан тул яаж тухтай суух аргаа олж ядав. Нийтдээ хорь гаруй хүмүүс сууцгаасан байв. Улс улсын л хүмүүс харагдаж байх нь тэр харин тэр дунд нь нэгэн Монгол ах байх нь тэр. Жолоочийн хажууд харгалзагч сууна .Нам дуугаар ярихад болохгүй зүйл байхгүй байв.Хэн хэн нь юу болсон талаараа ярьцгаав. Эхнэртэйгээ жаахан ам мурийгаад чемодантайгаа 24цагийн дэлгүүрийн гадаа тамхи татаад сууж байхад нь цагдаа нар ирээд барьж авсан гэнэ. Хорих газарт 3хоносон эхнэртэйгээ холбоо бариж чадаагүй . Манай эхнэрлүү залгаад хэл хүргээд өгөөч гэлээ. Манайхнаас нэг нь та дугаараа хэлчих би залгаад хэлээд өгнөө та битгий санаа зовоорой гээд л ярьж байтал харгалзагч чимээгүй байцгаа гэв бүгд л нам болцгоов.

Хүмүүсийн амьсгал, биеийн халуун ,нарны гэрэл ,бидний бяцхан сэтгэлийн оч автобусыг нэг мэдэхнээ дулаахан болгосон байв. Цонхоор харагдах уулс модод , ус , байгаль эх дэлхий бүх зүйлсээс би тусгаарлагдсан мэт. Хүрэх газартаа очоод өөрийн дураар бууж чадах автобус биш гаранд гавтай тухтай суух боломжгүй бүх зүйлс минь хүний эрхэнд орсоныг гэнэт мэдрэхүйд өмнө нь хэтэрхий жаргалтай амьдарч байснаа ойлгох нь мэдээж . Над шиг чанга дуутай сэтгэл хөдлөл өндөртэй хүнд амаа хамхин 4цагийн турш чимээгүй явна гэдэг эморолийн ноён оргилд хүрэх цаг хугацаа юм. Хүмүүс үргэлж л хэлдэг хүн өөртөө байгаа зүйлийг алдасныхаа дараа ухаардаг гэж өөрийгөө ямар их эрх чөлөөг мэдрэн амтлаагүй өнгөрөөснөө тухайн үед л ойлгосон юм. Уйлаад унтаад бодолд автаж явсаар хүрэх газартаа иржээ.

Хоёр хоёроороо гавлагдсан биднийг бүгдийг нь суулгалаа. Энэ газар ямар дүрэм журамтай мөн та эх оронруугаа буцах бүрэн боломжтой. 7хоногт 2удаа л онгоцны буудалруу хүргэж өгдөг аж. Сонгогдсон хоёр өдөр нь нислэгийн суудал байхгүй бол дараагийн 7хоногийг хүлээнэ. Бүх хүмүүс билетээ авч дууссаны дараа билет үлдвэл л бидэнд олдохуу үгүй юу л гэдэг байв. Мөн дотогш ороход 100мянган вон авж орохыг зөвшөөрдөг.Утасаар ярих карт мөн саван шампунь чихэр печень гэх зүйлсэд хэрэглэх юм. Солих дотуур хувцас л авж орохыг зөвшөөрнө. Өрөө бүрт хуваарилсан байлаа. Ороход нөмрөх хөнжил гудас сойз нүүр гарын алчуур хэрэг болох зүйлсийг хүн бүрт бэлдсэн байв.Ногоон өнгийг үзэн ядуулах гэж байгаа мэт бүхий л зүйл ногоон өнгөтэй өмсөж буй хувцас гудас хөнжил ногоонгүй юм гэж алга.

Бид бүгд нэг өрөөнд л орсон байгаасай гээд л дотроо бодоостой. Хоёр хоёр гураваар нь өөр өөр өрөөнд хуваарилсан байв.Хэн хаана нь орсныг ёстой мэдэх юм алга. Хөнжил гудас хамаг юмаа бариадл харгалзагчыг дагаад явав. Төмөр сараалжин хаалгыг хэдэн арван түлхүүрээ шажигнуулан нэг түлхүүрийг сугалж түлхүүрдэв. Ортол модон ширээ телефон утас жижиг зурагт харагдах аж. Хоёр том өрөө голдоо нэг тасалгаатай бөгөөд наад талынхаа өрөөнд хоол цайгаа идэж утасаар ярьж эсвэл солонгос сериал үзэх, цаад талын өрөөндөө ногоортол унтах ч юмуу . Унтах өрөөны цаана нойлын өрөө болон шүршүүрийн өрөө байх аж. Үнэр гэж бас л авах юм алга ороход л хамар сэтэлмээр үнэртэй хэсэг зуур байсаар нөгөө үнэрэндээ дасаж гэмээн. Ашгүй манайхнаас хоёр нь сууж байлаа. Ёстой л дотроо ээ гялай ээ гялай.

Бас нэгэн монгол эгч сууж байлаа.Эгч нь энд 14хонож байна.Эндэхийн хүмүүстэй чинь хэл нэвтрэлцэж өгөхгүй явах гэхээр онгоцны суудал байхгүй л гээд байгаа болтой 9хоногийн дараахь онгоцны билет захиалсан гэсэн сууж байв. Нэг Тайланд мөн Латин Америк эмэгтэй ингээд бид бүгд 6уулаа хэсэг зуур хамт аж төрөхөөр боллоо. Өдрийн хоолоо идчихээд сараалжин төмөрнийхөө цаанаас орчиноо ажив . Манай хэд ернь дараалласан хэдэн өрөөнд орчихжээ толгойгоо жаахан урагшлуулвал нөгөө хэдтэйгээ яриа өрнүүлэх боломжтой юм. Унтахаар хэвтлээ.Ханан дээр ягл бичигтэй обой шиг л хаа сайгүй юм бичиж зурсан байв.Тэр дундаас монголоор бичсэн зүйлсийг олж унших нь хэн нэгний өнгөрүүлсэн өдрүүдийн түүхийг мөн юуг мэдэрж юуг ухаарч байсныг нь эргэцүүлэн бодохуйд хүргэнэ.

Өглөө болж нойрондоо дийлдээд сайхан унтмаар байвч гэнэт дуу яваад эхлэв.14хоносон гээд байгаа эгч маань хурхирах болон шүдээ хавирахыг гарамгай гэгч нь хийнэдээ шөнөжингөө эгчийн тоглолтын сонсоод юун унтах манатай.6цаг 30минут тухайн газарын дарга бүх давхаруудаар явж хүмүүсийг бүрэн эсэхийг хардаг заншилтай гэнэ өглөөний тоондоо орж буй нь энэ.Дарга яваад тоо авсаны дараа нэг боорцог нэг соруултай ундааг жижиг хоолны нүхээр шидэлнэ.Нэг төрлийн боорцог биш олон төрөл заримдаа муухай амттай нь таарчихна .Гайгүйхэн шиг амттайг идэе гэвэл тэр жижиг нүхний хажууд манаад л байж байх хэрэгтэй.Энэ дунд чинь жижигхээн өрсөлдөөн явагдаад байнашд азаар нөгөө кинон дээр гардаг шиг атаман зодоон нүдээн алга.7хоногийн хоёр өдөр дэлгүүр гэгч нь ирнэ.Яагаав нөгөө 100мянган воноо үрэх учиртай юм.100гртай шампунь 4000вон бас л муухай байгаа юм шүү.Хоёр утасны карт аваад нэг дэвтэр үзэг авлаа. Анне Франкын тэмдэглэл шиг зүйл бичмээр санагдсан юм.

24Цагийг хийх юмгүй өнгөрөөх чинь үнэндээ гуниг утас интернет ер нь мөрөөдөх хэрэггүйлдээ. Уйдсан бидэнд 30минутыг ч арай өөр ямар нэгэн зүйл хийх боломж олдоход би би би … Тухайн газраас гаргасан 7хоногийн хуваарь байдаг.Солонгос хэлний хичээл ,Иога ,Караоке мөн Фитнесс гэх мэт.Кинон дээр хэлдэгчлэн агаар амсуулдаг зүгээр ч нэг агаарт гаргаад орхичихгүй заавал гүйж дасгал хийлгүүлэх гэнэ. Мод ус байгалийг мэдрээд өвсөн дээр хэвтмээр байдаг байсан юм.Арай л даварсан сонсогдож байнауу надад тайвширч бодоход тийм орон зай хэрэг болдог.Ямар нэгэн зүйлийн хичээл гэнгүүт л бид хэд хэзээ ч хоцордоггүй байсан юм. Солонгос хэлний хичээлд сууж байхдаа номын сан байхыг олж хараад ном авж уншмаар байгаагаа ойлгууллла . Монгол номнууд байнашүү . Харж байгаад хэдийг сонгоод авлаа. Англи хэдэн номнууд ч бас авав .За ёстой нэг хэсэгтээ л уйдхааргүй болов.

Хуучны шүлэгийн номнууд байв ихэвчлэн шүлэгүүдийг уншихаас илүүтэйгээр хүмүүсийн ард урд жижиг зайд бичсэн зүйлсийг унших нь илүү сонирхол татаж байв. Аргаа барсан туйлдсан ,хэн нэгэнд хорссон , хайртай бүсгүй нь хаяаад явсан,ямар ч мөнгө цуглуулаагүй ,энэ газар 53 хоночихлоо эцэст нь өөрийнхөө эх оронруу явахнь гэж хүртэл бичсэн байв. Солонгос орон бол Монгол хүмүүст буянтай ээлтэй орон гээд хэлчихвэл бурууддаг юм боловуу олон Монгол хүмүүс энд ажиллаж амьдарч амьдарлаа дээшлүүлэхэд нь тус нэмэр болж хийсэн хар ажилыг нь Монгол улсаас дээгүүр үнэлж өгсөн.Яахав энэ газар ирэхээс өмнө би ингэж л бодож явдаг байлаа. Бичиж чадахгүй эмээгээд байгаа үг бол ШОРОН тиймээ яг мөн бид шоронд байгаа. Гарандаа гав зүүсэн төмөр сараалжин хаалгатай энэ газар ирчихсэн болохоор энэ улсыг хайралмааргүй санагдсан.Бүх зүйлсийг нь үзэн ядаж энэ муухай газраас явуулаад өгөөч зүгээрл юу ч болох байсан хамаагүй төрсөн гэр төрсөн эх нутагтаа очмоор байна.

Орой болж унтахаар хэвтэхэд эгч бол нэг хурхираад л хажуугаар нь хэдэн шүднүүдээ тачигнуулаад эхлэхээр шүднүүд нь бутраад уначихдаггүй юм байхдаа гэж бодож билээ. Бид гурав ойрхон хэвтээд л элдэв зүйлсийн талаар ярина. 30 нас шүргэж яваа эгч 20настай охин бид гуравын амьдралыг харах өнцөг болон туулж өнгөрүүлсэн амьдрал минь тэс өөр. . Сайн Сонсогч байх шиг сайхан зүйл юу байхав. Би хэтэрхий яриа ч гэсэн тэр хоёрын хажууд би сайн сонсогч нь байхийг илүүд үзсэн хэрэг . Тэр хоёроос сурах зүйл их байсан.

Shine your light

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store